Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 3 дүгээр сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ сард аймгийн нийт сумдын нутгаар 3,3 – 9,6 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Олон жилийн дундажтай харьцуулахад аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас 0,9 – 4,7 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Цэцэрлэг, Чулуут, Хангай, Өлзийт, Цахир сумдын нутгаар 8,0 – 9,0 градус, бусад сумдын нутгаар 10,0 – 13,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат, Хангай, ӨндөрУлаан сумдын нутгаар 27,0 - 30,0 градус , бусад сумдын нутгаар 18,0 – 25,0 градус хүйтэн байсан байна. 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр байхгүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Тариат сумын нутгаар 9 градус, бусад сумдын нутгаар 1,0 - 5,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган, Тариат, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Өлзийт, Хотонт, Өндөр-Улаан, Булган сумдын нутгаар 22,0 – 29,0 градус, бусад сумдын нутгаар 30,0 - 36,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Тариат, Төвшрүүлэх, Хангай, Жаргалант, Өлзийт, Өгийнуур, Булган, Цахир сумдын нутгаар 26,0 - 32,0 градус, бусад нутгаар 22,0 – 25,0 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 0,0 – 11,0 мм хур тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Цэцэрлэг, Төвшрүүлэх, Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, Эрдэнэмандал, Хашаат, Хангай, Жаргалант, Хайрхан, Хотонт, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 13 – 22 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Хангай сумдын нутгаар түр зуур секундэт 22 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр аймгийн нийт сумдын нутгаар 10 – 21 өдөр, Эрдэнэмандал суманд 26 өдөр, Чулуут, Өгийнуур 6 тус тус ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ сарын мэдээгээр аймгийн нийт нутгийн 30 хувь нь цастай байлаа. Сумын төвийн ойролцоо хэмжсэн ажиглалтын мэдээгээр цасны дундаж зузаан 1 см байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх , бог. бод мал төллөх зэрэг ажлууд явагдаж байна. Энэ сарын 31-ны байдлаар мал хаваржилт хэвийн байлаа. Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Тариат, Хашаат, Чулуут, Хангай, Жаргалант, Өлзийт, Хайрхан, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж дунд байлаа.
ХААЦУ-ын ахлах техникч Г. Ариунтунгалаг