Мэдээлэл > Эрдэм шинжилгээ, судалгааны ажил
Архангай аймгийн нутагт 2008-2012 онд хур тунадас нэмэгдүүлэх ажилбар гүйцэтгэх үеийн цаг агаарын болон аэросиноптикийн нөхцөлд хийсэн дүн шинжилгээ
Зориудаар нөлөөлөх үүлнийхээ хэлбэр, төрлийг нь хир зөв ялган тогтоосноос хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааны эцсийн үр дүн шууд хамаарна. Иймд хур тунадас нэмэгдүүлэх ажилбаруудыг ямар ямар хэлбэрийн үүлэнд зориудаар нөлөөлж явуулсан, мөн зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх боломжтой ямар хэлбэрийн үүлний давтагдал ахиу байгааг тогтоох зорилгоор зориудаар нөлөөлсөн үүлний хэлбэрийг авч үзэв. Эндээс харахад дан конвектив хөгжлийн үүлэнд 14 удаа (41,2%), давхраат ба босоо хөгжлийн үүлний тогтолцоонд 3 удаа (8,8%), давхраат үүлэнд 17 удаа (50%) тус тус зориудаар нөлөөлжээ. Харин үүлний хэлбэр, орсон хур тунадасны хэмжээг харьцуулан үзвэл зарим тохиолдолд зохицолдохгүй байсан нь тухайн үед үүлний хэлбэрээ буруу тодорхойлсон эсвэл өөр хэлбэрийн үүл давхар байгааг газраас ажиглан тогтоох боломжгүй байдагтай холбоотой гэж үзэж байна.
Тухайн бүс нутагт хур тунадас орох тохиромжтой нөхцөл, хур тунадас ордог үүлний давтагдал буюу нөөц, тэдгээрийн үүслийг тогтоох нь хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулж явуулахад нэн шаардлагатай мэдээлэл болдог. Хур тунадас орох нөхцөл, үүлний нөөцийг тогтооход 30-аас доошгүй жилийн ажиглалтын материал шаардагддаг. Гэвч бид энэ удаа хэдий хугацаа богино ч зориудаар нөлөөлсөн үүлний үүслийг тогтоох оролдлого хийв. Үүнд зориудаар нөлөөлсөн үүлний үүслийг тухайн үеийн аэросиноптикийн нөхцөлтэй уялдуулан тохиолдлын тоо ба түүний эзлэх хувийг гаргаж үзүүлэв.Зориудаар нөлөөлсөн үүлний 71% нь ямар нэгэн фронттой холбоотойгоор үүссэний дотор 3% нь фронтын долгион дайрч өнгөрөхөд, 41% нь хүйтэн фронттой, 27% нь дулаан фронттой холбоотойгоор, 29% нь ямар нэгэн фронтын нөлөөгүйгээр конвекцоор тус тус үүссэн байна.
2007-2012 онд Архангай аймгийн нутагт явуулсан хур тунадас нэмэгдүүлэх судалгаа, туршилт үйлдвэрлэлийн ажлын дүнгээс үзэхэд дулааны улиралд давхраат хэлбэрийн үүлэнд дунджаар 9,0...12,0 грамм, босоо хөгжлийн үүлэнд 3,0....9,0 грамм реагент зарцуулсан тооцоо гарсан болно.
Эндээс үзвэл бүх харвалтын 70 гаруй хувийг газрын гадарга орчим эсрэг циклонлог цаг агаартай үед хийсэн байна.
Стандарт 500,700 гПа гадарга дээрх геопотенциал орны давтагдлын 94 орчим хувь нь өндрийн хотостой холбоотой процессын үед, 5 гаруй хувь нь газрын гадаргын хэт халалтын улмаас босоо хөдөлгөөн эрчимжиж өндрийн гүвээ хүчтэй хөгжсөн үед үүссэн үүлэн тогтолцоонд зориудаар нөлөөлсөн гэж үзэхээр байна.
700 гПа гадарга дээр баруун баруун өмнө зүгийн 700 гПа гадарга дээр баруун баруун өмнө зүгийн урсгал зонхилж (61,7%) байсан байна.
Архангай аймгийн нутаг дэвсгэрт 2007-2012 онд нийт 34 удаа үүлэнд нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажилбар явуулсан байдлыг цаг хугацааны хувьд авч үзвэл үд дундаас хойш болон оройн цагаар бүх харвалтын 35,3-58,8%-ийг хийсэн байна. Үүнийг тус аймгийн нутагт конвектив үүл үд дундаас эхлэн хөгжиж, хөгжил нь орой үдэш хүртэл үргэлжилдэг бөгөөд ялангуяа орой, үдшийн үед зориудаар нөлөөлөхөд тохиромжтой болдог гэж үзэж болох юм.
Үүлэнд нөлөөлсөн цаг хугацаа /m/тоо/
ДҮГНЭЛТ
2007-2012 оны 5-9 дүгээр саруудад манай аймгийн нутагт орж ирж байгаа процесст дүн шинжилгээ хийж үзэхэд
1. Дан конветив хөгжлийн үүлэнд 14 удаа (41,2%), давхраат ба босоо хөгжлийн үүлний тогтолцоонд 3 удаа (8,8%), давхраат үүлэнд 17 удаа (50%) тус тус зориудаар нөлөөлжээ.
2. Зориудаар нөлөөлсөн үүлний 71% нь ямар нэгэн фронттой холбоотойгоор үүссэний дотор 3% нь фронтын долгион дайрч өнгөрөхөд, 41% нь хүйтэн фронттой, 27% нь дулаан фронттой холбоотойгоор, 29% нь ямар нэгэн фронтын нөлөөгүйгээр конвекцоор тус тус үүссэн байна.
3. 2007-2012 онд Архангай аймгийн нутагт явуулсан хур тунадас нэмэгдүүлэх судалгаа, туршилт үйлдвэрлэлийн ажлын дүнгээс үзэхэддулааны улиралд давхраат хэлбэрийн үүлэнд дунджаар 9,0...12,0 грамм, босоо хөгжлийн үүлэнд 3,0....9,0 грамм реагент зарцуулсан тооцоо гарсан болно.
4. Бүх харвалтын 70 гаруй хувийг газрын гадарга орчим эсрэг циклонлог цаг агаартай үед хийсэн байна.
5. Стандарт 500,700 гПа гадарга дээрх геопотенциал орны давтагдлын 94 орчим хувь нь өндрийн хотостой холбоотой процессын үед, 5 гаруй хувь нь газрын гадаргын хэт халалтын улмаас босоо хөдөлгөөн эрчимжиж өндрийн гүвээ хүчтэй хөгжсөн үед үүссэн үүлэн тогтолцоонд зориудаар нөлөөлсөн гэж үзэхээр байна.
6. Тус аймгийн нутагт конвектив үүл үд дундаас эхлэн хөгжиж, хөгжил нь орой үдэш хүртэл үргэлжилдэг бөгөөд ялангуяа орой, үдшийн үед зориудаар нөлөөлөхөд тохиромжтой болдог гэж үзэж болох юм.
АРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬЧИЛАН МЭДЭЭЛЭХИЙН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ ИНЖЕНЕР С. ОЮУНБАТ
УТАС: 93050141
Емайл хаяг: MNAR_OPER@YAHOO.COM
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Архангай аймгийн нутагт 2008-2012 онд хур тунадас нэмэгдүүлэх ажилбар гүйцэтгэх үеийн цаг агаарын болон аэросиноптикийн нөхцөлд хийсэн дүн шинжилгээ | 2017-04-17 | 2024-11-29 | 787 |