Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 4 дүгээр сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Булган, Цахир сумдын нутгаар 0,3-1,5 градус хүйтэн , бусад сумдын нутгаар 1,3–6,2 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Хайрхан сумын нутгаар олон жилийн дунджаас 1,4 градусаар дулаан, Хашаат, Өлзийт, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар 1,1-2,5 градусаар хүйтэн байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Цахир, Булган, Хангай сумдын нутгаар 15,0–19,0 градус, бусад сумдын нутгаар 20,0-24,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Хангай, Цахир. Булган сумдын нутгаар 15,0-16,0 градус, бусад нутгаар 7,0 - 12,0 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Жаргалант, Өлзийт, Хайрхан, Хашаат, Булган сумдын нутгаар 10,0-14,0 градус, бусад нутгаар 4,0-9,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Тариат, Өгийнуур, Өлзийт, Хангай, Цэцэрлэг, Цахир сумдын нутгаар 34,0–39.0 градус, Жаргалант, Хашаат, Булган сумын нутгаар 40,0-44,0 градус, бусад сумдын нутгаар 46,0-49,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Цахир, Хангай, ӨндөрУлаан сумдын нутгаар - 18,0 градус, бусад нутгаар 10,0 – 15,0 градус хүйтэн байсан байна. Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Булган, Жаргалант, Хайрхан, Хашаат сумдын нутгаар хөрсний гадарга дээр 40,0 градусыг давж 1-2 өдөр дулаарсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн ихэнх нутгаар 0,0 – 8,5 мм хур тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Хотонт, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, Тариат, Төвшрүүлэх, Хангай сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 14 – 26 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Хашаат сумдын нутгаар түр зуур секундэт 26 метр хүрсэн байв. Аймгийн ихэнх сумдын нутгаар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байлаа. 10 м/с–ээс их салхитай өдөр аймгийн нийт нутгаар 3 - 9 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл: Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 4 дүгээр сарын 30-ны байдлаар Тариат, Хангай, Цахир, ӨндөрУлаан сумдын нутгаар нь ургамал цухуйгаагүй , бусад сумдын нутгаар ургамал цухуйсан боловч ургалтын байдал муу байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх , бог, бод мал төллөх ажлууд явагдаж байна. 4 дүгээр сарын 30-ны байдлаар аймгийн нийт нутгаар салхи шуурга ихтэй, жиндүү хүйтэн байгаа нь хаваржилт хүндэрч мал хорогдож байна. Аймгийн ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа