Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 03 дугаар сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур Агаарын дундаж температур аймгийн нийт нутгаар 2,8 - 9,3 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэмандал сумын нутгаар олон жилийн дунджаас 1,9 градусаар хүйтэн, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,5 - 6,4 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Хангай, Чулуут, Цахир сумдын нутгаар 8,0 - 10,0 градус , бусад сумдын нутгаар 12,0 – 16,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Хангай, ӨндөрУлаан, Булган, Эрдэнэмандал, Цахир, Тариат, Чулуут сумдын нутгаар 20,0 – 26,0 градус, бусад сумдын нутгаар 14,0 - 19,0 градус хүйтэн байлаа. Агаарт 30 градусаас дээш давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1,0 – 6,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Цахир, Булган, Өгийнуур, Өлзийт, Хангай сумдын нутгаар 20,0 - 25,0 градус, бусад сумдын нутгаар 26,0 - 33,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Өгийнуур, Хотонт, Өлзийт, Хашаат, сумдын нутгаар 15,0 - 17,0 градус, бусад сумдын нутгаар 18,0 - 23,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 0,3 – 5,2 мм тунадас орсон байлаа.Хамгийн их нь Хайрхан суманд 5,2 мм, хамгийн бага нь Өгийнуур, Хангай, сумдын нутгаар 0,3 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулвал Тариат, ӨндөрУлаан, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Батцэнгэл, Өлзийт, Хайрхан, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Жаргалант, Булган сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим , бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 7 - 28 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Батцэнгэл, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Хашаат, Өлзийт, Хайрхан, ӨндөрУлаан, Өгийнуур, Булган сумдын нутгаар секундэт 24 - 28 метр хүрсэн байв. 10 м/с –ээс их салхитай өдөр Цахир сумын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 – 4 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хэмжсэн хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр аймгийн нийт нутгийн 80 гаруй хувь цастай , цасны дундаж өндөр 0 – 7 см байсан байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бог мал төллөх, отор нүүдэл хийх, мал нэмэгдэл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Цаг агаар дулаарч цас хайлж бараантсан ч аймгийн ихэнх сумдын нутгаар салхи шуурга ихтэй байгаа нь мал төллөх, малын бэлчээрлэлт, мал хаваржилтийн байдалд тааламжгүй нөлөө үзүүлж байна. Аймгийн нийт нутгаар малын усан хангамж дунд байна.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа