Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 05 дугаар сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Чулуут, ӨндөрУлаан, Төвшрүүлэх, Цахир сумдын нутгаар 6,2 – 9,2 градус , бусад сумдын нутгаар 9,9 – 15,0 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэмандал сумын нутгаар олон жилийн дунджаас 1,4 градус хүйтэн, Эрдэнэбулган, Тариат, Төвшрүүлэх сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,3 – 5,6 градус дулаан байсан байна. Агаарт өдөртөө Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хайрхан сумдын нутгаар 26,0 - 28,0 градус, бусад сумдын нутгаар 20,0 – 25,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн нийт нутгаар 5,0 - 10,0 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Тариат, Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Эрдэнэмандал сумдын нутгаар 13,0 – 18,0 градус, бусад сумдын нутгаар 20,0 - 27,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Төвшрүүлэх, Жаргалант, Цахир сумдын нутгаар 51,0 - 55,0 градус, бусад сумдын нутгаар 56,0 - 61,0 градус хүрч халсан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 8,0 - 12,0градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Чулуут, Жаргалант, Цахир сумдын нутгаар 0,0 – 3,9 мм хур тунадас орсон, бусад сумдын нутгаар бороо ороогүй байлаа.Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Эрдэнэмандал сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 9 – 17 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар түр зуур секундэт 17 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр Тариат, Чулуут, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 2 - 8 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногийн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал Хайрхан, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар муу, бусад сумдын нутгаар дунд байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох , бод, бог мал төллөх, ямааны ноолуур самнах, мал хөнгөлөх, малд тарилга туулга хийх, мал ногоолуулах зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хотонт, Өгийнуур, Булган сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа